Аргентины хэвлэлүүд "Месси “Ballon d'Or” буюу оны шилдэг хөлбөмбөгч болж, “Алтан бөмбөг” шагнал авах тоолондоо зочид буудлынхаа тоог нэмж байна" гээд “Мессигийн 7 дахь зочид буудал ирэх жил ашиглалтад орно. Месси бол хамгийн олон зочид буудал эзэмшдэг хөлбөмбөгчдийн нэг яах аргагүй мөн” хэмээн онцолжээ. Өнгөрсөн жил Месси хөлбөмбөгийн түүхэнд 7 “Алтан бөмбөг”-тэй анхны тамирчин болж нэрээ мөнхөлсөн билээ.

2017 онд зочид буудлын бизнест хөл тавьсан Месси нь MiM буюу Majestic i Messi нэртэй зочид буудлын сүлжээний бизнесийг амжилттай авч яваа ба өдгөө тэрээр зургаан зочид буудалтай аж.
Түүний энэхүү бизнес кино наадмаараа алдартай Испанийн Барселон хотоос баруун өмнөд хэсэгт байрлах Газар дундын тэнгисийн эрэгт орших Ситжес хэмээх амралт, аялал жуулчлалын бүсэд анхны зочид буудлаа нээснээр эхэлсэн юм. Түүнээс хойш Месси Испанийн Ибиза, Майорка, Лерида хотод ээлж дараалан зочид буудлууд нээв.

Месси энэ жил 130 сая ам.долларын орлого олсон гэж "Forbes" сэтгүүл цохон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн түүний хөрөнгийн хэмжээ тодорхойгүй хэдий ч Месси өөрийн карьераа эхлүүлээд аль хэдийн 20 жилийн нүүрийг үзээд буй гэж тооцвол асар их хөрөнгөтэй болсон нь гарцаагүй хэмээн хэвлэлүүд өгүүлсэн байна.
Үүний зэрэгцээ, Sun болон бусад хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 21-ний өдөр Аргентины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан мэдээлснээр, Мессигийн хөрөг бүхий 1000 песогийн мөнгөн дэвсгэрт гаргаж шигшээ багийнхаа түүхэн амжилтыг мөнхжүүлэх талаар яригдаж буй аж.
Эх сурвалж: Meail
Сэтгэгдэл бичих