Украин дахь тусгай ажиллагаа
Хоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тусгаар тогтнолоо зарласан Донецк /БНДАУ/ болон Луганск /БНЛАУ/-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурж, улмаар хоёрдугаар сарын 24-ний өглөө эрт Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн юм. Тухайн өдөр Киевын хойд талаас, Харьковын зүүн хойноос, Донбассын зүүн урдаас болон Крым талаас гэсэн 4 үндсэн чиглэлээр оросын цэргүүд довтолж эхэлсэн байна.
Тусгай ажиллагаа гэж нэрлэж буй энэ дайны гол үр дүн нь ОХУ-д дөрвөн шинэ бүс нутгийг нэгтгэсэн явдал байв. Тодруулбал, Донецкийн бүгд найрамдах улсууд болох БНДАУ болон Луганскийн бүгд найрамдах улс, Херсон болон Запорожье гэсэн 4 мужийг өнгөрөгч есдүгээр сард бүх нийтийн санал асуулгын үр дүнг үндэслэн ОХУ-д нэгтгээд байна. Гэвч ОХУ Херсон мужийг Украины зэвсэгт хүчинд эргүүлэн алдсан. Дайны улмаас хоёр тал хүн хүчний болон эд материалын ихээхэн хохирол амсаж буй бөгөөд Европын Комиссын тэргүүн Урсула Гертруд фон дер Ляйен энэ дайны явцад ОХУ-ын 100 мянга хүртэлх цэрэг амь үрэгдсэн гэх мэдээллийг өгсөн юм. Хэрэв энэ баримт үнэн бол Украины армийн хүн хүчний хохирол мөн энэ багцаагаар тоологдоно.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Зеленскийн мэдээлснээр тус улсын эрчим хүчний дэд бүтцийн 50 хувь нь дайнд сүйдээд байгаа аж. Украины хэдэн сая иргэн дүрвэж гадаадад амьдарч байна.
Украины дайныг энхийн хэлэлцээрээр зохицуулах гэсэн ородлогууд бүтэлгүйтэж, Киев Москватай хэлэлцээр хийхээс татгалзаад байгаа бол Путин тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх замаар тавьсан зорилгодоо хүрнэ гэж мэдэгдээд буй.
Тайваний хурцадмал байдал
Хэдхэн хоногийн өмнө Хятадын агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд Тайваны арлын эргэн тойронд “цохилтын сургуулилт” хийв. Түүнчлэн Хятадын 70 гаруй сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц хоёр орны агаарын хилийн завсрын бүс рүү нэвтэрчээ.
Энэчлэнгээр Хятад Тайваны харилцаа энэ онд илүү хурцадмал байдалд хүрээд байна. Даарин дээр давс гэгчээр угийн таагүй байсан харилцааг улам хурцатгасан нь АНУ-ын өндөр дээд хэмжээний албан тушаалтны Тайваньд хийсэн айлчлалтай холбоотой. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Конгрессын дарга Нэнси Пелосигийн тус аралд хийсэн айлчлал юм. Бээжингийн эсэргүүцлийг үл хайхарсан энэ айлчлалыг БНХАУ өдөөн хатгалга гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв. Энэ хүрээнд Хятад улс арлын ойр орчимд томоохон хэмжээний сургуулилт хийж хүнсний зарим экспортын бүтээгдэхүүнд нь хориг тавиад байгаа юм.
Вашингтон хэдийгээр нэг Хятадын бодлогыг бармталдаг ч Тайпейг дэмждэг. Түүнчлэн АНУ Тайваний аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж, зэвсэг нийлүүлдэг.
Бээжин Тайванийг нэгтгэх нь гарцаагүй бөгөөд энэ нь гагцхүү цаг хугацааны асуудал хэмээн шинжээчид хэлж байна. Ингэхдээ энх тайван замаар уу, аль эсвэл цэрэг зэвсгийн хүчээр үү гэдэг нь анхаарал татах асуудал болоод байна.
70 жил хаан ширээнд суусан Хатан хаан II Елизавета нас нөгчив
Есдүгээр сарын 8-нд Букингемийн ордон Хатан хаан II Елизавета 97 насандаа таалал төгссөнийг зарлав. Хатан хаан Шотландын Балморал шилтгээнд нас барсан бөгөөд хаан ширээг түүний ууган хүү залгамжилж, Чарльз III нэрээр хаан ширээнд суув.
Хатан хаан 70 жил хаан ширээнд суусан нь Британийн хаадын дунд хамгийн удаан хаанчилсан дээд амжилт тогтоосон бөгөөд энэ хугацаанд тэрээр Их Британийн бэлгэдэл болж чадсан юм.
II Елизавета Их Британийн 15 Ерөнхий сайдын үед төр барьжээ. Эхнийх нь Уинстон Черчилль байсан бол сүүлчийнх нь Лиз Трасс байв. Түүний хаанчлалын үед Их Британи дахь хаант засаглал төгөлдөршиж, илүү нээлттэй болсон гэж үздэг.
Түүнийг хаан ширээнд байх хугацаанд Хүйтэн дайны оргил үе, мөн төгсгөл, Ирланд дахь салан тусгаарлах бослого, коронавирусын тахал зэрэг үйл явдлууд, мөн Диана гүнж, Мегсит нарын үхэлтэй холбоотой дуулиан шуугиан тохиож байв.
Эрхийнхээ төлөөх, эрх баригчдаа эсэргүүцсэн Ираны эмэгтэйчүүдийн тэмцэл
2022 оны намар Иранд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байна. 20 настай оюутан охин Махса Аминиг ёс суртахууны цагдаа нар хижаб буруу өмссөн хэргээр шалгахдаа амь насыг нь бүрэлгэснээс эхэлсэн энэ жагсаал орон даяар эрч хүчээ авч олон нийтийг улам бүр нэгтгэсээр байна.
Эмэгтэйчүүд камерын өмнө үсээ тайрч, хижабаа шатааж эхэлжээ. Жагсагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын зэрэгцээ одоогийн дэглэмийн эсрэг байна. Эсэргүүцлийн үеэр наад зах нь 342 хүн, түүний дотор насанд хүрээгүй 40 гаруй хүүхэд амиа алдсан байна. Үүнээс гадна Ираны Исламын хувьсгалт шүүх хэд хэдэн жагсагчдад цаазаар авах ял оноогоод байна. Ираны эрх баригчид эсэргүүцлийн жагсаалыг гадаадаас зохицуулж байгаа бөгөөд үүний хариуцлагыг барууны орнууд хүлээх ёстой гэж үзэж байна. Гэсэн хэдий ч тус улс ёс зүйн цагдаагийн дэд албыг татан буулгаж байгаагаа зарлаж, мөн хижаб өмсөх дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөд байна.
Японы хамгийн алдартай улстөрч Абэ халдлагад өртөв
Өнгөрсөн долдугаар сард Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара мужид сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан явдал дэлхий нийтийг цочирдуулав. Улс төрчийг эмнэлэгт хүргэсэн ч таван цагийн дараа нас баржээ. Тэр 67 настай байв. Абэг чандарлах ажиллагаа 7-р сарын 12-нд болж, 9-р сарын 27-нд төрийн оршуулгын ёслол болов.
Хэргийн газраас баривчлагдсан алуурчин Тэцуя Ямагами өмнөх жилээс эхлэн аллагыг төлөвлөж байснаа байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн байна. Халдлагын үеэр тэр гар хийцийн галт зэвсэг ашиглажээ. Тэрээр Абэг гэр бүлийг нь санхүүгийн хувьд сүйрүүлсэн шашны байгууллагатай холбоотой гэж үзсэн учраас алахаар шийдсэн гэжээ.
Хятадууд эсэргүүцэн жагсаж, “Тэг ковид” бодлогоо зөөллөв
Хятад улсад 11-12-р сард коронавирусын эсрэг хатуу арга хэмжээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөв. Эмх замбараагүй байдлын шалтгаан нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орны төв Өрөмч хотод болсон эмгэнэлт явдал байв. Арваннэгдүгээр сарын 24-нд тус хотын орон сууцны барилгад гал гарсан байшинд коронавирусын халдвартай өвчтөнүүд хөл хорионд байсны улмаас дор хаяж 10 хүн нас баржээ.
Хятадын ард түмэн олон сарын хөл хорионоос залхсан нь эсэргүүцлийн бас нэг шалтгаан байв. Шанхай, Нанжин, Сиань, Ухань болон бусад хотод жагсаал эрчимтэй өрнөж Ши Жиньпинийг огцорохыг шаардсан нь тоталитор тогтолцоотой тус улсын хувьд содон үйл явдал байв.
Хязгаарлалтуудыг зөөлрүүлсний дараа тус улсад халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байгаа ч ирэх сарын 8-аас хилээ нээхээр төлөвлөж байна. Арванхоёрдугаар сард Хятадад 250 сая орчим тохиолдол бүртгэгджээ.
Бээжингийн өвлийн олимп
Бээжингийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болов. Энэ удаагийн олимпын наадамд 91 орны 2871 тамирчид спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдсөн юм. Бээжингийн олимпын XXIV наадамд оролцсон нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн Өвлийн олимп болов.
Бээжингийн олимпын нээлтийн ёслолыг гурван удаа Оскарт нэр дэвшсэн найруулагч Чжан Имоу найруулсан юм.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Энэ жилийн сүүлчийн томоохон үйл явдал бол Катарт болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байв. Арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 18-ны хооронд Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд тоглолт болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь түүхэн дэх өвлийн улиралд зохиогдож буй дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм.
Аргентинчууд шигшээ тоглолтод Францыг хожсоноор ДАШТ-д түрүүллээ. Хүрэл медаль Хорватуудад очсон. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг “мэргэн бууч”-аар Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе, шилдэг тоглогчоор Аргентиний багийн лидер Лионель Месси тодорсон бөгөөд түүний хувьд ДАШТ-д ялалт байгуулсан нь карьер дахь анхны тохиолдол байв. Мессигийн удаан хугацааны өрсөлдөгч Португал довтлогч Криштиану Роналдугийн хувьд шөвгийн наймд шалгарсны дараа тэмцээнээс хасагдсан.
Сэтгэгдэл бичих