АН-ын эв нэдлийн ажлын хэсгийн дэд дарга М.Тулгатаас дараахь тодруулгыг авлаа.
-АН эв цавандаа хэзээ орох вэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Намыг богино хугацаанд нэгдэж нийлэхэд та бүхэн ямар үүрэгтэй ажиллах вэ?
-Сүүлийн үед Улсын дээд шүүхээр гарч байгаа шийдвэр, тайлбарууд болон АН-ын Үндсэн дүрмийн хорооны гаргасан дүгнэлт зэргийг аваад үзэхэд манай нам өнөөдөр албан ёсны даргагүй. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 31-нд намын дүрэмд өөрчлөлт орсон. Тэр дүрмийнхээ дагуу Үндэсний бодлогын хороо санаачилгыг гартаа аваад асуудал, мухардлаасаа гарах дараа дараагийнхаа алхмуудыг хийнэ. Ингээд нам доторх фракц, тал талын төлөөлөл оролцоод асуудлыг шийдье, Үндэсний бодлогын хорооны нэгдсэн хурлаа зохион байгуулна. Дараа нь дүрмийн дагуу зохих арга хэмжээнүүдээ аваад явна. Хамгийн гол нь намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий хүн байхгүй. “Албан ёсны нам нь хаана байгаа юм бэ, хэн нь яг төлөөлөх юм” гэдэг асуудал АН-ыг өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулчихсан.
Тэрнээс болоод талцаад, хоёр даргатай, хөл толгойгоо олохгүй байгаа юм шиг байдалтай болсон. Тэгэхээр асуудлаа шийдэх ажлын хэсэг маань нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.
-Үндэсний бодлогын хороо хурлаа зарлаад, намын даргаа сонгох процессууд нь хэзээ, ямар шат дараатай явах вэ?
-Ямартаа ч өчигдөр анхны хурлаа хийлээ. Дараа дараагийн хурлуудаа шуурхай хийгээд нарийвчилсан асуудлуудаа ярилцаж, шийдвэрлэнэ. АН-ын тал талын төлөөллүүд хүсэл зорилго нэг байгаагаа илэрхийлж байна. Намын Үндсэн дүрмийнхээ дагуу болон Улс төрийн намуудын холбогдох хууль журмын дагуу ямар нэгэн алдаа мадаггүй хийх ёстой. Тиймээс ажлын хэсгээрээ ярилцаад, дэд ажлын хэсгүүд гараад нарийвчилсан асуудлууд руугаа ороод явна. Ер нь намын даргаа ямар журмаар яаж сонгох вэ гэдгээсээ илүүтэйгээр ажлын хэсэг төслөө боловсруулж, тэрийгээ хэлэлцүүлж шийдээд батална. Үндэсний бодлогын хорооны гишүүд эцсийн шийдвэрээ гаргаад явах юм.
-Өнгөрсөн хугацаанд АН хоёр талд Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаад, даргаа сонгоод явсан шүү дээ. Одоо Эв нэгдлийн ажлын хэсгийг эсэргүүцээд хэсэг нөхдүүд босоод ирэхгүй юм байгаа биз дээ?
-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын фракц дээр явагдсан намын даргын сунгаа, Улсын дээд шүүх дээр хүсэлт хүргүүлсэн боловч буцаагдсан. Мөн С.Эрдэнэ даргын талын өгсөн хүсэлт удаа дараа буцахаас гадна “2017 оны Улсын дээд шүүхээр бүртгэгдсэн намын дарга нь би байна” гээд мань эр яваад байдаг. Гэтэл С.Эрдэнэд есдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхээс “АН-ыг төлөөлөх таны хүсэлтийг татгалзана” гээд тодорхой хариулт өгсөн. Мөн арваннэгдүгээр сарын 10-нд “Өнөөдрийн байдлаар С.Эрдэнэ АН-ыг төлөөлөхгүй. АН-ыг төлөөлөх хүн байхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн дүрэмд заасны дагуу АН даргагүй байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн өөрсдийгөө намын дарга гээд яваад байдаг нь Улсын дээд шүүхийн тайлбараар боломжгүй болчихсон. Гэхдээ нам нэгдэх, асуудлаа шийдэх үйл явцад тэднийг хэрэггүй боллоо гэж үл ойшоохгүй. Харин ч ярилцаж, ойлголцож, хүмүүсээ хамруулаад хамтдаа сууж байгаад асуудлаа шийднэ. Хуучин манайхны зарим нь бол хүчээр шийдээд, цавчаад л “Чи нөгөө талд, эсрэг байгаа бол тэр чигтээ зайлаарай” гэж хөөж туудаг замаар явж байсан бол одоо тэр цаг ард хоцорсон. Аль болох ярьж, хэлэлцэж, ойлгуулж, олуулаа асуудлаа шийдье гэдэг байр суурьтай байгаа. Бид хоёр зүйл дээр хатуу явна. Нам үзэл баримтлалаа чанд баримталж, Үндсэн дүрмээ хатуу сахина. Цаашдаа хамт явах хүмүүс маань үүн дээр нэгдсэн ойлголттой байх ёстой. Бидний өмнө гаргаж байсан алдаа энэ байсан.
-Улс оронд өрнөж байгаа нөхцөл байдалд сөрөг хүчний дуу хоолой үнэхээр үгүйлэгдэж байна. Гэтэл танай намын нэгдлийн асуудал удаан үргэлжиллээ шүү дээ. Сүүлд гэхэд Брюссель ресторанд эв нэгдлийн салхийг хагаллаа гэцгээгээд сүрхий мэдээлсэн боловч таг чиг болсон...
-Тэр санаачилга янз бүрийн л хэлбэрээр явж байна. Өнөөдрийн Эв нэгдлийн ажлын хэсгийн уулзалт дээр УИХ дахь АН-ын бүлэг үүрэг рольтой ажиллаж байна. Нам нь өөрөө албан ёсны болж чадаагүй асуудалтай байгаа үед парламент дахь бүлэгт ч хүндрэлтэй байгаа. Тиймээс намын эв нэгдлийн санаачилга дээр бүлэг идэвхтэй ажиллаж буйд нь талархалтай байна.
Ер нь нийгэм эдийн засгийн байдал маш хүнд байна. АН-ын, сөрөг хүчний дуу хоолой, хяналт, шаардлага үнэхээр дутагдаж байна. Гэтэл улс төрийн нам бол зохион байгуулалтын хүчээр амжилттай ажилладаг. Өнөөдөр албан ёсны төлөөлөх хүн, дарга байхгүй. Өөрөө, өөрсдийгөө дарга гээд нэрлэчихсэн гурав, дөрвөн талд бүлэглэлүүд гараад ирчихсэн. Гэтэл хоорондоо биенийгээ үгүйсгээд явж, явж өөрөө өөрснийхөө сөрөг хүчин болчихоод байгаа. Энэ нөхцөл байдал эрх баригчдад ямар ч шаардлага тавьж чадахгүй, чадамжгүй байна гэдгээ харуулчихсан. Бидний хувьд нэг номерт өөрсдийнхөө дотоод асуудлаа шийдэх ёстой гэдэгт талууд нэгдсэн байр суурьтай байгаа.
Сэтгэгдэл бичих