Улс төрийн хүрээнд “яриа” үүсгэсэн нэг үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр юу юм гэхээр, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт буюу хангайн бүсийн аймгуудад АН-ын “Бүтэн ардчилал” хэмээх мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэг болсон. Тэр арга хэмжээнд АН-ын дарга Лу.Гантөмөр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар хамт оролцсон. Лу.Гантөмөрийн хувьд АН-ын дарга болсноосоо хойш тус намын бүлэг фракцыг толгойлдог хүмүүстэй ингэж “ганцаарчилсан уулзалт” маягтай хамт байж харагдаагүй байдаг. Улс төрийн элдвийн “дэл сул” мэдээллээр бүлэг, фракцуудыг удирддаг нэр бүхий улстөрчидтэй далд уулзаж, дарамт сүрдүүлэг сонссоор ирсэн гэдэг. Тэгвэл энэ удаад АН дахь МоАХ фракцыг толгойлдог, намынхаа дотоод сонгуулиар хэд хэдэн бүтцийг өөрийн болгочихсон Х.Баттулгатай гайгүй сайн ойлголцчихсон яваа харагдсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан бололтой юм.
АН-д одоо арав нэлээд гаруй фракци байна. Тэдэн дундаа 2-3 нь маш их нөлөөтэй гэдэг. Нэг нь Х.Баттулгын МоАХ гэгдэж буй фракци юм. Гэхдээ Х.Баттулгын хувьд Нийслэлийн АН-аас эхлээд АЗХ-г хүртэлх АН-ын бүтцийн нэлээдийг, бас орон нутгийн АН-ын удирдлагуудыг авчихсан. Энэ нь шууд намын 50 хувийн эрх мэдэл болж тоологдоно. Тэр ч утгаараа Х.Баттулгын зүгээс Лу.Гантөмөрт байн байн санал ч юм шиг, шахалт ч юм шиг үйлдлийг үзүүлж ирсэн. Хамгийн сүүлд сар шинийн үеэр уулзаж “...Намаас нэр дэвшүүлэх эрхийн 50 хувийг өгчих” гэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн. Лу.Гантөмөр ч зөвшөөрсөн гэдэг. Өнгөрсөн долоо хоногийн явдаас харвал тэр үнэн л болоод явчих шиг боллоо. Тэгэхээр Лу.Гантөмөр намын даргын хувьд нэр дэвшүүлэх эрхийг 100 хувь эдэлж чадахгүй гэсэн үг. Х.Баттулгатай дор хаяж 50:50 хувиар хувааж эдэлнэ. Тиймээс АН-ын дарга нь Лу.Гантөмөр бол Лу.Гантөмөрийн дарга нь Х.Баттулга гэсэн агуулга үүсэж байна. Яахав энэ нь сонгуулийн өмнөх АН-ын эв нэгдэл гэж тайлбарлагдаж магадгүй юм. Угаасаа, АН-ын дарга хүн намдаа нөлөө бүхий, ер нь намынхаа хэн бүхэнтэй учир зүйгээ ололцоод явах үүрэгтэй. Тэгээд ч борооны дараах мөөг шиг үржсэн олон фракцтай, бүлэглэлтэй намыг удирдах түүнд амаргүй байгаа нь тодорхой юм. Ер нь АН-ын даргын зовлон сонгуулиар нэг оволздог. Сонгуульд ялбал илүү их буцалдаг. Дээрээс нь АН-ын дарга болсон хүн олон фракцийнхаа учрыг л олохгүй бол амбан явдаггүй. Үүниг “...Фракциудын эрх ашгийг хангах” гэж байгаа юм. 2012 оны сонгуульд АН-ын дарга байсан Н.Алтанхуяг яг ийм зарчмаар ажилласан байдаг. Тэгээд нам нь ялсан. Намынхаа ялалтын дараа ч тэрбээр хуваарилалтыг хийсээр байсан. Гэвч нэр бүхий улс төрийн бүлэглэлийн тодорхой ашиг сонирхлыг гүйцэлдүүлж “чадаагүй” юм. Тэгээд огцорсон. Харин Лу.Гантөмөр одоохондоо Х.Баттулгатай ийм байдлаар ойлголцоод, намынхаа эв нэгдлийг хангаад сонгуульд орчихож болох юм. Гэвч сонгуулийн дараа Х.Баттулга “...Хүчний харьцаа миний талд байна” гээд Ерөнхий сайдад өөрийгөө дэвшүүлээд зүтгэчихэж мэдэх л юм. Энэ бол Лу.Гантөмөрт ирж болох бодит “эрсдэл” юм. Тэгээд ч энэ 2024 оны УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслүүд Ерөнхий сайдаа зарлаж байж амжилттай оролцох нөхцөл бүрдээд байгаа билээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл бичих