Ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй


Newszone.mn
4-р сарын 9
9 цаг 30 минут

Нийслэлийн прокурорын газраас “Зариг.мн” сайтын эрхлэгч сэтгүүлч Н.Өнөрцэцэгт сэтгүүлчээр ажиллахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг шийдвэрийг шүүх хүлээн авч хэлэлцээд Н.Өнөрцэцэгт холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл сэтгүүлчийн ажлаа эрхлэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаснаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн мэдэгдсэн.

Тэгвэл Монгол Улсын ямар ч хуульд сэтгүүлчээр ажиллахыг хориглосон заалт байхгүй. Шүүхээс гаргасан уг шийдвэр Монгол Улсын Үндсэн хуулийн гол хоёр заалтыг зөрчиж байгаа юм. Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй” гэж заасан байдаг. Мөн шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэж заасан. Монголын төр хуулиа дагах ёстой. Монгол Улсын шүүх хуулиа дагаж мөрдөх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн хоёр гол заалтыг зөрчсөн ийм шийдвэрийг шүүхээс гаргасан нь сэтгүүлчдийг, Монголын сэтгүүл зүйг тохуурхсан явдал боллоо.

Шүүхийн энэхүү байж боломгүй, хууль бус шийдвэртэй холбогдуулж сэтгүүлчид, улстөрчид, хуульчид байр сууриа илэрхийлсээр байна. АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Ц.Оюундарь “Монгол Улсын ямар ч хуульд ийм заалт байхгүй. Хуулийг орондоо засдаг хүмүүс сэмээрхэн шургуулчихсан байдаг биш юм бол Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид уг заалтыг яаралтай олж, ил гарган хуулийг хэрхэн яаж завхруулдгийг илчлэх хэрэгтэй. Өнөөдөр Н.Өнөрцэцэгт тохиолдож буй явдал маргааш танд тохиолдох магадлалтай учраас ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх сэтгүүлчид нэгдэж, шаардлага тавих хэрэгтэй” гэсэн бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд тэргүүн Б.Ууганбаяр “Ардчиллын амин чухал хэсэг нь хэвлэлийн эрх чөлөө. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөг хазаарлаж, хязгаарлаж одоо бүр сэтгүүлчийн ажлыг шүүхээр хориглодог боллоо. Бид асуудлаа шийдэхийн тулд нэг зүгт нэг зорилготой зүтгэх цаг ирсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” хэмээн эсэргүүцсэн.

Н.Өнөрцэцэгт тулгасан энэ шийдвэр нь Монголын сэтгүүл зүйг даажигнаад зогсохгүй Ерөнхий сайдаа хорлосон шийдвэр шиг харагдаад байгаа. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль шүүхийн үнэн мөнийг илчилнэ. Нийгэмд шударга ёсыг тогтооно. Авлигачидтай тэмцэнэ. Хүний өөрийн нам хамаагүй хууль бус үйлдэл гаргасан хэний ч өмнө хууль тэгш үйлчлэх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тэгвэл Монголын шүүх ямар ч хуульд байхгүй ийм заалтаар сэтгүүлчийг шүүсэн нь Ерөнхий сайдаа элэг барьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байна. Хэвлэл мэдээллийн амыг барих гэж дайрсан, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх  үндсэн эрхээ эдэлснийхээ төлөө буруутан болж нийгмийн шаар шавхруу доог тохуурхал болдог явдал тухайн Засгийн газрыг өрөвдөлтэй харагдуулдаг.

Олны дунд нэг ийм үг байдаг даа. “Ц.Элбэгдорж сайн муугаар олон хэлэгдсэн. Зарим нэгний хэлдгээр муу хүн байж болно. Хичнээн гүтгэн доромжлуулж байсан ч тэр улс төрд явсан 30 шахам жилд нэг ч сэтгүүлчийг шүүхэд өгч байгаагүй. Үүгээрээ том улстөрч гэдгээ харуулдаг” гэж яригддаг. Энэ утгаараа уг шийдвэр Засгийн газрыг үхээнц дорой өрөвдмөөр харагдуулж байна. Тухайн иргэнийг эзэмшсэн мэргэжлээр нь шүүхээс хорьж байгаа юм бол шат шатны шүүхээр шалгагдаж байгаа улстөрчид бүгд мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстойг хэлэх хүмүүс байна. Тухайлбал, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, Нийгмийн даатгалын сан, нүүрсний хэрэг, ногоон автобусны хэрэг, Зайсангийн ам, Туулын бургасыг хядсан гээд эдгээр асуудалтай холбоотой бүх хүмүүс мэргэжлийн ажлаа хийхгүй түдгэлзэх ёстой, тэгж байж шударга шүүх тогтоно хэмээн эсэргүүцэж байна.

Нарийн мэргэшил шаардсан ажлыг онцгой тохиолдолд шүүхээр хориглож болох юм. Жишээ нь, анагаах ухааны анхан шатны мэдлэггүй хүн нарийн мэргэжлийн мэс заслын эмчээр ажиллана гэж үзвэл хүний амь настай холбоотой хэмээн үзэж тухайн иргэний мэс заслын эмчээр ажиллахыг нь хуулиар хориглож болох юм. Түүнээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг нь хуулиар хааж боож болохгүй ээ. Тухайн иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ямар ч цаг дор бүрэн дүүрэн эдлэх эрхтэй. Тэр ч бүү хэл шоронд хоригдож эрх чөлөөгөө хасуулсан ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй байдаг.

“Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл боллоо. Шүүхийн энэхүү шийдвэрт ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх хуулиар нээлттэй. Хүний амьдрах эрхэд халдана гэдэг хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зарчим, тунхаглалаас ухарч буй үйлдэл юм” гэж хуульч Р.Булгамаа хэлж байна. Тэгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монгол Улсын Ерөнхий шүүгчид гомдол гаргаж ямар ч хуульд байхгүй ийм заалтаар ял тулгаж буйг эрс эсэргүүцэх хэрэгтэй байна. Мөн Хүний эрхий үндэсний комисс хүний үндсэн дархан эрх ноцтой зөрчигдсөн энэ асуудлыг ул суурьтайгаар авч үзэж, нийгэм олон нийтэд хуулийн дагуу шуурхай мэдэгдэх хэрэгтэй байна.

Яг үнэндээ бол ямар ч хуульд байхгүй шүүхийн шийдвэрт Монгол Улсын нэг иргэн хохирч байгаа гэдгийг өнөөдөр тоож байгаа эрх баригч, холбогдох байгууллагынхан алга. Нэр бүхий хэдэн сэтгүүлч, хуульчид л өөрсдийн байр сууриа илэрхийлснээс өөрөөр эсэргүүцэн тэмцэж байгаа хүн ч алга. Хэрвээ ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг гадны улс оронд яг ийм хууль бус шийдвэрээр хэн нэгэнд ял тулгасан бол нийгмээрээ босоод тэмцэж байгаа. Бид шүүхийн шийдвэр гарсан даруйд нийгмээрээ босч Сүхбаатар дүүргийн шүүхийн гадаа эсэргүүцэл зарлан жагсах байлаа. Гэвч Монголын нийгэм тэр чигтээ нам гүм байгаа, дор бүрнээ амиа хичээн чимээгүй байгаа нь харамсалтай.

Жагсаж тэмцэх нь бүү хэл “Энэ муу сэтгүүлч ажлаа хийхгүй бол турж үхэх гээд байна уу” гэж доромжлон басамжилж байгааг юу гэж ойлгох вэ. Монголчууд аа, нэг иргэн маань Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхээ эдэлж чадахгүй, хаана ч байхгүй хуулийн заалтаар шүүхээс эрхээ хасуулчихлаа. Энэ бол ганцхан Н.Өнөрцэцэгт хүлээлгэж буй шүүхийн шийдвэр биш. Монгол хүний үндсэн эрх ямар ч дархлаагүй, Монголын хууль шүүх иргэндээ ямар ч үндэслэлгүй хэрэг тулган шаардах аюул нүүрлэснийг харуулж байна. Тиймээс энэ асуудал дээр хүн бүхэн сэрэмжтэй хандах ёстой. Ямар ч хуульд байхгүй заалтаар сэтгүүлчийг, хувь иргэнийг шүүж байгаагаа шүүхийнхэн тайлбарлах хэрэгтэй байна. Хуулийн яг ямар заалтаар ийм шийдвэр гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхээс нийгмээрээ асуух хэрэгтэй байна. Хүн бүхэн үндсэн эрхийнхээ төлөө тэмцэх цаг иржээ. Аль юм болгон хулчгар дорой, боол шиг амьдрах юм бэ?



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа хэргийн болон хууль хэрэглээний талаар хууль зүйн ухааны доктор Г.Нацагдоржтой ярилцлаа6 сар 13. 12:16Бүлэглэл 10, 11 дүгээр тойрогт бүх хүчээ хаяж байгаа гэв үү?5 сар 30. 11:28Ашиглалтын хамгийн олон лиценз “МАК”, “Гацуурт” хоёрт, хайгуулынх "Цайна инвэстмент монголиа"-д байна5 сар 30. 8:31Сонгон шалгаруулалтын зарыг сунгаж байна5 сар 29. 12:42С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!5 сар 29. 11:41Б.Мөнхболорыг “мөргөөд” жагсаалтад орсон ч Х.Тэмүүжинд “түлхүүлээд” тойрогт дэвшжээ5 сар 22. 10:29Нэр дэвшүүлэх ажиллагаа: МАН-ынх “баг”, АН-ынх “бантан” болов уу?!5 сар 22. 10:00Ж.Сүхбаатар: Нууцын хуулиар тендер явуулсан олон газар байдаг юм билээ5 сар 22. 9:28Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа5 сар 22. 9:00Эрдэнэтийн овоо ба “Эрдэнэтийн овоолго”5 сар 22. 8:25Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо5 сар 20. 13:33СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчдийн материал, холбогдох байгууллагуудаас ирсэн лавлагаа хоёрыг тулгаж бүртгэх эсэхээ шийднэ5 сар 20. 13:00Өмгөөлөгч Г.Батбаяр агсны дүү Г.Наранцацрал: Ахыг минь хордуулчихаад үхэхгүй болохоор нь буудчихав уу гэж л хардаж байгаа5 сар 20. 12:31Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ5 сар 20. 12:24Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов5 сар 20. 11:26“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!5 сар 20. 10:27АБУ ДАБИ: Б.Баасанхүү Дэлхийн аварга боллоо5 сар 20. 9:29Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдөр нэр дэвшигчдээ эцэслэн тодруулна5 сар 20. 9:02Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.