Улсын циркийн хувьчлал ба циркийн урлагийн хувь заяа


Newszone.mn
5-р сарын 22
9 цаг 00 минут

Цирк хэмээх нэр, томьёог Я.Цэвэл гуайн Монгол хэлний товч тайлбар толь бичигт

1.       Циркийн урлагийн тоглолт,

2.       Циркийн урлагаар үйлчилгээ үзүүлэх байгууллага ....  хэмээн тодорхойлжээ.

Wikipedia хэмээх цахим нэвтэрхий толь бичиг

A circus is a company of performers who put on diverse entertainment shows that may include clowns, acrobats, jugglers, trained animals. The term circus also describes the field of performance.

Цирк нь олон төрлийн үзүүлбэр (алиалагч, жонглер, акробат, амьтан сургалт, гимнастик) -ийн тоглолт, уран бүтээлчдээс бүрдсэн компани буюу байгууллага. Мөн цирк гэх нэр томьёо нь тоглолтын талбарыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, цирк нь циркийн жүжигчид болон тэдний үзүүлбэрээ бэлтгэх, үзүүлэх байгууламж бүхий  байгууллага юм. УИХ-ын холбогдох байгууллагын шийдвэрийн дагуу 2007 оны сүүлчээр Төрийн өмчийн хорооноос нийгмийн салбарын хувьчлалын хүрээнд “Улсын циркийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэж, менежментийн үр дүнг харгалзан хувьчлах” сонгон шалгаруулалт буюу тендер зарлав.

Менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалт явагдах нь хэдэн жилийн өмнө УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны шийдвэрт тусгасан байв. Сонгон шалгаруулалтад таван баг оролцсон. Тухайн үед Улсын циркт бүртгэлтэй ажиллаж байсан болон хувийн циркийн уран бүтээлчид дор бүрнээ л баг бүрдүүлэн бэлтгэлээ ил далд базаацгаасан. Тэдний нэг нь миний бие байв. Энэ сонгон шалгаруулалтад “Үндэсний цирк” буюу Японы сүмо бөхийн их аварга Д.Дагвадорж (цаашид Аса аварга гэе)- ийн ахалсан баг  Улсын циркийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх, менежментийн хувьчлалд ялав. Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үл зөвшөөрч, үнэлгээний хорооны долоон гишүүнийг сонгон шалгаруулалтын явцад тав болгон цөөлж сольсон. Оролцогч багуудын материалтай үнэлгээний хорооны гишүүд ажлын долоо хоногт танилцах ёстой атал хоёр хоногт багтаахыг тулган шаардаж гүйцэтгүүлсэн нь дүрэм, журмаа зөрчсөн тул сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шаардлагатайг дурдсан өргөдлөө захиргааны хэргийн шүүхэд миний бие өглөө.

“Унасан бөхөд шалтаг мундах биш” хэмээн намайг тавлацгаасан зарим циркчин маань улаан тугаа мандуулан Аса аваргын араас хошуурцгаасан. Төдөлгүй, шүүхэд өгсөн өргөдлөө татаж авах нь ухаалаг үйлдэл болох талаар таних, танихгүй олон хүн зөвлөх, шаардахыг хослуулан “Монголчууд Аса аварга-даа нэг байшин өгчихөд чи юунд нь бачимдаав. Шүүх ч гэсэн чиний талд шийд гаргахгүй” гэх агуулгатай үгс чулуудна. Тухайн үед Аса аваргыг монголчууд бурхан мэт хүндэтгэн ёстой л хөлтэй нь мөлхөж, хөлгүй хөрвөөцгөөж байсан он жилүүд. Аваргыг алтан нар мэт харж буй иргэдийн нүдэнд, энгийн нэгэн би өртөх ч зай байгаагүйн үнэн. Шүүхээс өргөдлөө татснаар Төрийн өмчийн хорооны шийдвэр биеллээ олж, Улсын циркийн удирдлагын үйл ажиллагаа Үндэсний цирк баг буюу Аса циркт шилжсэн. Сонгон шалгаруулалтад ялсан баг нь Улсын циркийн удирдлагын үйл ажиллагааг  менежментийн гэрээнд заасан тодорхой нөхцөл, болзлыг хоёр жилийн хугацаанд ханган гүйцэтгэх үр дүнгийн гэрээг Төрийн өмчийн хороо, БСШУЯ-тай (тухайн үеийн) байгуулж, гэрээний болзлыг биелүүлсэн тохиолдолд Улсын циркийн барилга, байгууламжийг үнэ төлбөртэй худалдан авах нөхцөлтэй байсан. Тус менежментийн гэрээний салшгүй хэсэг болох “Бизнес төлөвлөгөө”-нд гүйцэтгэх ажлын жагсаалтыг Төрийн өмчийн хороогоор батлуулан хэрэгжүүлэх үүрэгтэй. Үүний заримаас дурдвал

1.       Байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд циркийн урлагийг хөгжүүлэн түгээн дэлгэрүүлэх, хүний нөөцийн тогтвортой бодлого, баталгаа, урын сан, үнэт зүйл болон эд зүйлсийг хадгалж, хамгаалах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулна.

2.       Улсын төсвийн санхүүжилтийг үе шаттай бууруулж гэрээ дуусахад санхүүгийн хувьд бүрэн бие даасан байна.

3.       Бизнес төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт хийх үүргээ хэрэгжүүлнэ. Хөрөнгө оруулалт хийх тухай бүр Төрийн өмчийн хорооны зөвшөөрлийг авсан байна.

4.       Гэрээний хугацаанд шинээр авах болох халах хүний тоо 15 хувиас хэтрэхгүй байх, Д.Дагвадорж ганцаараа бус багаараа сонгон шалгаруулалтад оролцсон. дагуу зохицуулна. “Халамжийн хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

 Миний ахалж байсан баг ялсан бол ийм гэрээг хэрэгжүүлэх үүрэг хүлээх байв.  

Өнөөдөр Аса цирк хэмээх байгууллага ямар бүтээл туурвиж Монголын болон олон улсын циркийн тайзнаа тоглож буйн тодорхой бус үүнтэй зэрэгцэн тэдний өмчлөлд буй циркийн барилга, байгууламжийг цаашид зориулалтаар ашиглах нь эргэлзээтэй болсон талаар олон нийт шуугилдана. Эзэд нь удаа дараа “Тун удахгүй нээлтээ хийнэ” хэмээн хэвлэлээр мэдэгдэж циркчид, үзэгчдийг хүлээлгэсээр. Менежментийн хувьчлалын сонгон шалгаруулалтад ялсан Д.Дагвадоржийн ахалсан багт Монголын циркийн урлагийн нэр хүндтэй цөөнгүй уран бүтээлч багтсан байдаг. Энэ уран бүтээлчдэд, Аса аварга найдсан, итгэсэн байх. Урагшгүй ноёнд ухаангүй түшмэл гэгч л болов уу яав. Юутай ч Аса гэх цирк уран бүтээлгүй, уран бүтээлчгүй болсоор олон жилийг өнгөрөөв. Үүнээс улбаалан иргэдийн дунд Монгол Улсад циркийн урлагийг устаж үгүй болсон гол буруутан нь Аса аварга гэлцэнэ. Д.Дагвадорж ганцаараа бус багаараа сонгон шалгаруулалтад оролцсон. Аваргын алдах, буруутах үүд хаалгыг нь хааж, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгөх үүрэгтэй багийн гишүүд нь юунд түүнээс нүүр буруулав. Улсын циркийн хувьчлалын хувь заяа нэг иймэрхүү гундуухан, гунигтай.

 

Харин монгол циркийн урлагийн хувь заяаг шинжвэл

 

Сүүлийн 10 орчим жилд олон улсын циркчдийн их наадам, тэмцээнд монгол циркчдийн үзүүлсэн амжилтыг жагсаавал хэдэн арван хэвлэлийн хуудас дүүрнэ. Эдгээр сайхан, бахархаад баршгүй амжилт нь циркийн хамтлаг, жүжигчдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүн. Төр, засгаас эдгээр хамтлаг, жүжигчдэд “Та нар хий, бүтээ, төсөв, хөрөнгө чинь энэ” хэмээн санал болгоогүй, шахаагүй, амлаагүй. Циркчид ч хүлээж, горьдоогүй. Миний амьдрал “циркийн урлаг” хэмээн сэтгэл, зорилгодоо хөтлөгдөн түүгээрээ хорвоогийн жаргал, зовлонг амсаж яваа залуус, Монголд циркийн урлаг устаагүйг нотлон өөрсдийн гайхамшигт бүтээлээр олон улсын циркийн манежнаа “Монгол” гэх нэрийг цуурайтуулж явна. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалиа гардан авч буй тамирчин шиг. Ялгаа нь гэвэл тамирчид улсын төсвийн мөнгөөр бэлтгэл сургуулилтаа базааж тэмцээнд оролцдог бол циркчид өөрийн болон гэр бүлийнхээ хоолны мөнгөнөөс илүүчлэн уран бүтээлээ туурвина. Ижил төстэй үзэгдэл нь хоёулаа гадаад оронд  “Монгол” улсын нэрийг дуудуулна.

Сүүлийн хэдэн жилд циркчид маань овсгоо гарган Бөхийн өргөө, Степпе Арена, UG Арена гэсэн үзвэр, үйлчилгээний том байгууламжид үндэсний болон олон улсын циркийн тоглолтуудыг тогтмол зохион байгуулж буйд олон үзэгч талархаж, дараагийн тоглолтыг тэсэн ядан хүлээх болов. Ямар их хувь тавилангаар дээрх барилга, байгууламж нь циркийн урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой бүтээн байгуулагдав. Мөсөн өргөө ордон баригдаж байх үед Степпе Арена ХХК-ийн удирдлага, циркчдийг удаа дараа урьж тэдний санал, зөвлөмжийг авч их бүтээн байгуулалтдаа тусгасан нь үр дүнгээ өгч улмаар циркчидтэй хамтран мөсөн циркийн тоглолтыг урлан бүтээснээр монгол циркийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нэмжээ. Олон улсад циркийн тоглолтыг спортын ордон, театрын тайзнаа зохион байгуулдаг уламжлал, туршлагаас манайхан чадамгай суралцжээ.

Эндээс дүгнэвэл, Монгол оронд циркийн урлаг баттай оршсоор. Хэдийгээр тэд бэрхшээлтэй нүүр тулан бие бялдар, сэтгэл санаагаар зүдэрч байгаа ч циркийн урлагийг “амьд” байлгахын төлөө хүн болгоны бие сэтгэл багтахааргүй хүч хөдөлмөр, зүтгэл чармайлт гаргасаар. Монгол циркийн хувь заяа бартаатай, донсолгоотой замаар халгиа, цалгиатай урагшлан ертөнцийн өрнө, дорнын хаана ч нэр бүтэн, нүүр бардам явна.

Өнөөдөр манай улсад циркийн уран бүтээлчдийн залгамж халааг бэлтгэх циркийн сургууль бий. Консерваторын дэргэдэх циркийн сургуулийн мэргэжлийн хичээлийн байрны түрээсэнд 2014 оноос хойш жил бүр 135 сая төгрөгийг улсын төсвөөс олгодог гэнэ. Өнгөрсөн 10 жилд нэг тэрбум 500 сая төгрөг түрээсийн зардалд зарцуулжээ. Цаашид хэдэн жил ийм маягаар улсын төсвийн мөнгийг түрээсийн зардалд өгөх бэ. Циркийн сургуулийн зориулалтын байр, байгууламжийг 15 орчим тэрбум төгрөгөөр бүтээн байгуулах зураг, төсөл хэдэн жилийн өмнө БСШУЯ-нд хийгдсэн ч улсын төсөвт суулгаж чаддаггүй өдий хүрсэн түүхтэй. Үе үеийн сайд, дарга нарт циркчид хүсэл саналаа илэрхийлэх тоолонд “Маш чухал санал байна би дэмжиж байна” хэмээн матрын нулимс унагаж, цаасан малгай өмсгөсөөр өдий хүрлээ. Циркийн сургуулийн болон циркийн хамтлагуудын бэлтгэлийн бааз болох уг барилгыг цаг алдалгүй бүтээн байгуулбал Монголын циркийн урлагийн хөгжилд чухал хөшүүрэг болж хөгжлийн шинэ шатанд гарна. Зориулалтын байргүйгээс Монгол циркчдийн эр зориг, ур чадвараа гайхуулан үзүүлэх агаарын нисэлт, морьтны гайхамшиг гэсэн орон зай, орчин шаардсан том үзүүлбэрээ туурвиж амжихгүй сууна. Үүнийг шийдэх гарц бол циркийн сургуулийг  стандарт шаардлагад нийцсэн байртай болгох бүтээн байгуулалт мөн. Хойшоо харж өнгөрснийг шүүхээс илүүтэй урагшаа харж хөгжлийн төлөө бүтээн байгуулья.

 

Урлаг судлаач Н.БАТМӨНХ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа2024, 12 сар 21. 16:34Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй2024, 12 сар 21. 16:32Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа2024, 11 сар 28. 16:30Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна2024, 11 сар 11. 16:28Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа2024, 11 сар 1. 17:26Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна2024, 10 сар 15. 10:23Б.Хуягбаатар: Аливаа ажлыг гал унтраах бус бүтээмжтэй, сууриар нь шийдэхийг зорьдог2024, 10 сар 4. 15:23Цэнхэр Чип: хөрөнгийн зах зээлийн цэнхэр чипүүд2024, 9 сар 29. 16:19Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна2024, 9 сар 18. 16:22Ногоон автобусны хэргийг “Тэнүүн огоо”-гийн А.Ганхуягт тохох уу?!2024, 9 сар 17. 13:40Нүүрсний хэрэг прокурор дээр замхарч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягаар "туг тахив" уу?!2024, 9 сар 17. 12:15Том хулгайд холбогдсон улстөрчид шарх байтугай шалбархай ч үгүй үлдэж, өөр хүмүүс хэлмэгддэг үү?2024, 9 сар 17. 11:40Н.Цэлмүүн: Цементийн үнэ зөвхөн үйлдвэрлэгчдээс хамаардаггүй2024, 9 сар 17. 11:31Намууд сонгуульд албан тушаалын төлөө л оролцдог2024, 9 сар 17. 11:30АТГ-ынхан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баривчилжээ2024, 9 сар 17. 11:20Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна2024, 9 сар 17. 10:34Сайд биш сайд, улстөрч биш улстөрч...2024, 9 сар 17. 10:24Г.Ёндонг Ковидын хуулиар 2022 онд дөрвөн сарын хугацаатай “Эрдэнэт”-ийн захирлаар томилжээ2024, 9 сар 17. 10:00Б.Баяраа: Шигшээ багийн дасгалжуулагчид олдоогүй мандат “Арслан” клубын Б.Баттулгад л очсон2024, 9 сар 17. 9:20Алтанбулаг хилийн боомтоор алдагдсан утаснууд гаргах гэж байсан иргэнийг саатуулжээ2024, 9 сар 17. 8:31“Их хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж олгоно” гэх зараар иргэдийг залилж эхэлжээ2024, 9 сар 17. 7:33Галлагааны улирал эхэлж байгаатай холбогдуулан “Сайн” карт ашигладаг иргэд Та бүхэн өвлийн бэлтгэлээ хангана уу.2024, 9 сар 6. 16:20Японы Hitachi компани AR технологид суурилсан тоглоомтой тоос сорогч бүтээжээ2024, 8 сар 31. 15:07Сайн уу? Монгол улсад дахь Инсадонгд тавтай морилно уу!2024, 8 сар 28. 13:00Шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар2024, 8 сар 27. 11:18Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгууллаа2024, 8 сар 23. 14:23Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа2024, 8 сар 14. 17:14Нийслэл дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 159 сургуульд СУЛ ОРОН ТОО байна2024, 8 сар 13. 12:24Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг хулгайлсныг илрүүлжээ2024, 8 сар 13. 12:22Лу.Гантөмөр Засгийн Газрын гэрээг АН-ын бүтцээр хэлэлцүүлэлгүй дур мэдэн гарын үсэг зуржээ2024, 8 сар 13. 12:15

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.