Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй


Newszone.mn
5-р сарын 1
9 цаг 31 минут

ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хохирогчийн нөхөн төлбөрийг барагдуулах асуудал шүүхийн шатанд хангалттай биш байгааг мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгаа харуулдаг.  ХЭҮК хохирогчийн эрхийг хамгаалах, тэдний нөхөн төлбөрийг барагдуулахад хэрхэн анхаарч байна вэ.  Энэ тухай яриагаа эхэлье?

-Хүний эрхийг хангана, хамгаална, хөхиүлэн дэмжинэ, эрхийг нь сэргээнэ гэхээр бид заавал нэг асуултад хариулах шаардлагатай болж байгаа юм.  Нэгдүгээрт, хүний аюулгүй байдал хангагдах ёстой.  Бусдын эрхийг зөрчөөгүй, үндэсний аюулгүй байдлыг хохироогоогүй, нийтийн хэв журмыг зөрчөөгүй бол миний аюулгүй байдал хангагдах ёстой.  Хоёрдугаарт, хэрэв би хохирсон бол хохирлоо нөхөн төлүүлэх ёстой.  Гэтэл хохирлоо нөхөн төлүүлэх асуудал манайд үнэндээ хангалтгүй байна. ХЭҮК-оос анхан шатны судалгаа хийж, гомдол мэдээллүүд дээр тулгуурлан анализ хийсэн. Ингэхэд, эрүүгийн хэргийн хохирлууд болох өмчийн эсрэг, эрүүл мэндийн эсрэг, амь насны эсрэг, халдашгүй байдлын эсрэг гээд материаллаг байдлаар үнэлэх боломжтой хэргүүд байна. Гэтэл хохирол нөхөн төлүүлсэн байдал ердөө 50 хувь байна.

Тухайлбал, гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээд, төрд 200 тэрбум төгрөгийн хохирол учирсан байлаа гэхэд тэрний ердөө 100 тэрбумын хохирлыг л барагдуулсан байдаг.  Үүнээс дээш гарч байгаа үзүүлэлт байхгүй.  Тэгэхээр хохирсон хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог, дээр нь цаг хугацаагаа алддаг.   Ингээд хохирол нь бүрэн барагдахгүй байгаа учраас аливаа хохирогчийн эрх сэргэж байна гэж үзэх нь бас өрөөсгөл.  Иргэний хэргийн хохирлууд ч мөн ялгаагүй, төлөгдөхгүй байна.   Шүүхээр шийдсэн үү гэвэл шийдсэн байдаг.  Гэтэл шүүхийн шийдвэрийн биелэлт 50-60 хувьтай л байна.   

-Тэгэхээр аливаа маргааны хохирогч тал шүүхийн шийдвэрээр хохирлоо барагдуулсан ч хохироод л үлдээд байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Захиргааны хэргийн шүүх дээр гэхэд захиргааны байгууллага, албан тушаалтантай иргэн, хувь хүн маргалддаг.  Газрын маргаан, тусгай зөвшөөрлийн гэх мэт гомдлууд шийдвэрлэгддэг. Гэтэл хохирол барагдуулах асуудал бас  л хангалтгүй. Эрх нь зөрчигдөөд л явж байна.  Хохирсон дээрээ хохироод л байдаг.  Уг нь бол Үндсэн хуульдаа иргэний эрхийг сэргээх ёстой гээд заачихсан.  Тэр эрхийг нь шүүх байгууллага сэргээдэг.  Гэтэл шүүх нь шийдвэрээ гаргаад сэргээдэг.  Хэрэгжилт нь хангалтгүй. Ийм л байдалтай байна.  Тиймээс ХЭҮК хохирлыг нөхөн төлүүлэх асуудалд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна.   Шүүхийн шийдвэрийн биелэлт ийм бага үзүүлэлттэй байхад бид хохирогчийн эрхийг сэргээж байна гэж үзэх нь өрөөсгөл юм.  Иргэний хэрэг, эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг дээрээс  нь аж ахуй нэгжүүдийн түвшинд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, маргаан таслах комисс, дотоод хяналтын нэгж зэрэгт хохирол барагдуулах асуудал ямар түвшинд байна вэ гэдэгт мөн анхаарах шаардлагатай байна.

-Хохирол барагдуулах ажиллагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хангалтгүй байна гэлээ.  Гэтэл нэмээд бид сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг байх хуулийг баталсан.  Энэ хуулийн хэрэгжилт бүр хангалтгүй байгаа юм байна.  Тийм үү?

-Шүүхийн шинжилгээний тухай хуульд тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор хохирлын хэмжээг тооцно гэж заасан.  Өмнө нь Эрүүгийн хуульд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдвал гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэсэн.    Иргэний хуульд зөвхөн хуульд заасан тохиолдолд гэм хор нэхэмжлэх тухай заадаг.  Хуульд  яг тодорхой заасан нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдвал гэм хор нэхэмжлэх эрхтэй.   Үүн дээр нэмээд Шүүхийн шинжилгээний тухай хуулиар сэтгэцэд учирсан хор хохирлыг тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас гээд заагаад оруулчихсан.  Аргачлалыг нь баталсан, гэхдээ хэрэглээн дээр асуудал үүсч эхэлж байна.  Гэм хорыг хэрхэн яаж тогтоох уу гэдэг дээр ойлгомжгүй зүйл олон бий.  Мөн  хуулийн заалтыг буцааж хэрэглэх үү, үгүй юу гэдэг дээр нэгдмэл хэрэглээ төлөвшөөгүй байна.

-Ер нь манай улсад хүний эрхийн нөх­цөл байдал ямар түвшинд байна вэ?

-Ер нь хүний эрхийн хангалтгүй олон асуудал бий.  Бид олон улсын индексүүдээс харахад Монгол Улс хүний халдашгүй байдлыг хангаж байгаа байдлаараа хангалтгүй орны тоонд багтаж байна. Халдашгүй байдал гэхээр бие махбодь, эрүүл мэнд, амь нас, хувийн мэдээлэл дээр нь нэр төр, таны үүсгэсэн хувийн орон зай орж байгаа юм. Үүнийгээ бид бүрэн хамгаалж чадахгүй байна. Шударга ёсны индексийг дэлхийн 139 орныг харьцуулан гаргаж байна.  Үүнд манайх 2012 оноос хойш орж байна.  Хамгийн сүүлийн судалгаагаар  үндсэн эрхээс бид хамгийн гайгүй үзүүлэлттэй байгаа нь улс төрийн зарим эрхийн асуудал, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх тодорхой түвшинд хэвээр байна, өмнөх жилийн үзүүлэлтээс буураагүй байна. Аль үзүүлэлт  байна вэ гэхээр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх муу үзүүлэлттэй байна.  Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга байдал, гуравдугаарт, халдашгүй байдал доогуур үзүүлэлттэй гарсан.  Тэгэхээр халдашгүй байдлыг хангах, хамгаалах бүх түвшиндээ нэгдмэлээр ойлгож, хэрэглэж, хэвших, зайлшгүй шаардлага үүссэн байна.

-Халдашгүй байдал, алдар хүнд гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын асуудал юм шиг ойлгодог.  Тэгэхээр иргэн хүн үүнийг хэрхэн ойлгож, хамгаалуулах ёстой юм бол оо?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглалаа бид эргэн харах хэрэгтэй.  Дэлхийн хоёрдугаар дайны үед олон сая хүн амь насаа алдсан.  Энэ дайнд шууд болон шууд бусаар олон улс орон оролцсон.  Үүний дараа 1948 онд дэлхийн 50 улсын төр засгийн тэргүүнүүд юу ярьсан гэхээр “Өмнөх хоёр дайнд бид юу хожив.  Хэн ч юу ч хожоогүй, ялагч гэж байхгүй юм байна. Тэгэхээр бүгдээрээ дараагийн үедээ айх аюулгүй, гачигдах зовлонгүй ийм л дэлхий ертөнцийг бий болгож үлдээе” гэж ярилцаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан байдаг.   Тунхаглалын нэгдүгээр зүйлд "Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой" хэмээн томьёолжээ.   Бид оюун ухаант ухамсартай хүмүүс учраас хүнийг ямар байгаагаас нь үл хамааран оршихуйг нь хүндэтгэх, өрлөг сэтгэлээр бие биедээ хандаж, ялгаатай байдлаас үл хамааран харилцан хүлээн зөвшөөрөх тухай утга бий.  Үүний гол үзэл санаа нь манай Үндсэн хуульд тусгалаа олсон байдаг.  Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээх тухай оршилдоо заадаг.   Нийгэмд байгаа бүх хүн адил үнэ цэнэтэй.  Хүн бүхэнд алдар хүнд, халдашгүй байдал бий.  Тэрийг нь ижил түвшинд авч үзэх тухай л ойлголт юм.  Гэхдээ Үндсэн хуульд хязгаарлалт бий.   Хүн бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй, нийгмийн хэв журам болон үндэсний аюулгүй байдлыг хохироож болохгүй.

-С.Зоригийн амь насыг хохироо­сон хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгаж эрүүдэн шүүсэн асуудал хүний эрхийн томоохон зөрчил болж байна.  ХЭҮК-оос энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-НҮБ-ын хүний эрхийн долоон үндсэн гэрээ конвенц бий.  Түүний зургаад нь конвенцид нь Монгол Улс нэгдэн орсон.   Тэдний нэг болон Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг доромжилж харьцах шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид мөн 2000 онд соёрхон баталсан.  Нэг талаар ийнхүү олон улсын өмнө үүрэг хүлээж байна.  Нөгөө талаар,  Үндсэн хуульдаа бид халдашгүй байх эрх чөлөөг баталгаажуулсан. Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.  Тэгэхээр манай улс эрүү шүүлтийг бүх түвшинд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг.  Ялангуяа хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагаанд бусдыг ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүх ёсгүй.  Эрүүдэн шүүх аргаар олж авсан нотлох баримт бол  нотлох баримт биш, түүнийг үнэлэхгүй гэсэн хуультай. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд гурван шатны шүүхээр гэм буруу нь тогтоогдсон шийдвэр гарсан. Гэтэл нотлох баримтуудыг эрүүдэн шүүх замаар олж авсан тухай асуудал мөн тогтоогдож, шүүхийн шийдвэр гарсан.  Эрүүдэн шүүх замаар олж авсан, нотлох баримтуудыг үнэлэхгүй юм.  Тэгэхээр эрүүдэн шүүлт бол хүний эрхийн томоохон зөрчил юм.

-Эрүүдэн шүүх ажиллагаа өмнөх жилүүдэд Монгол Улсад өрнөж байжээ.  Та ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж байсан хүн.  Тухайн үед танай комисст энэ тухай гомдол мэдээллүүд ирж л байсан гэдэг?

-ХЭҮК 2000 онд байгуулагдсан.  23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Комиссоос жил бүр хүний эрхийн талаарх тайлан, мэдээлэл, дүгнэлт гаргадаг.   Үүнийгээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг.   Энэ хүний эрхийн талаарх тайлангийн хамгийн чухал авч үзэж байсан асуудал бол эрүү шүүлтээс ангид байх тухай юм.  Эрүү шүүлтэд тодорхой эрх нь хязгаарлагдсан  хорих анги, цагдан хорих байранд гарах нь түгээмэл гэж үздэг учир олон улсын конвенцид ч урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар зохицуулдаг.  Энэ асуудалд өнгөрсөн хугацаанд ХЭҮК нэлээд анхаарч ажилласан.  Тайландаа  оруулж, эрүү шүүлтээс ангид байх тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, тогтолцоонд ахиц дэвшил гаргахын төлөө ажилласан. Цаашид ч байнга ярьж байх ёстой сэдэв юм. Ер нь хүний эрхийн асуудал нэг цэгт очоод зогсоно гэж байдаггүй, харин байнгын л  ахиц дэвшил гаргах явц байдаг.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээж нөхөн олговор олгох асуудлыг ярьж байна.  Энэ хэр боломжтой вэ?

-Боломжтой.  Эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх бүрэн эрхтэй.  Эрүүдэн шүүсэн байна гэдэг нь шүүхээр тогтоогдсон хэрэг шүү дээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:10Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?5 сар 14. 9:26Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо5 сар 13. 9:23Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийжээ5 сар 8. 11:10Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ5 сар 8. 9:13Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!5 сар 7. 9:31Л.Оюун-Эрдэнэ: “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна5 сар 6. 9:22Л.Оюун-Эрдэнэ: Над руу л дайр, Ц.Элбэгдорж оо!5 сар 3. 9:14Б.Солонгоо: Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргах боломжтой5 сар 2. 9:30Үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай 33 үзэгчийн байр суурь5 сар 2. 9:00Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий5 сар 2. 8:35Хаваржингаа сонгуульдаад цатгалан байх бололтой. Гэвч намраас гурилаа идэх байлгүй дээ5 сар 1. 11:21Д.Сүнжид: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсний гэм хороо нэхэмжлэх эрхтэй5 сар 1. 9:31АН-ын “топ лидерүүд”-ээр тэд тодорчээ5 сар 1. 8:30“Жижиг”-үүд “...Намын лого, намын даргын нэр” гэж ярьсан нь сонгогчдын хувьд ч жижиг биш асуудал5 сар 1. 8:30Тойргийн “усалгаа” хөдөөгийнхнийг залхаажээ5 сар 1. 8:17Б.Гүнбилэг: Хүний эрхийн тухай мэдлэг боловсрол холдоод байвал сэтгэлтэй баймаар байна4 сар 30. 11:00Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес эрхлэгчид ээ4 сар 30. 10:30“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!4 сар 30. 10:00Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу4 сар 30. 9:30Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий4 сар 30. 8:58Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!4 сар 29. 10:30Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв4 сар 29. 10:00Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ4 сар 29. 9:30Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй4 сар 29. 9:00Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”4 сар 26. 9:27А намын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой4 сар 25. 11:00Дизель хөдөлгүүрээс уушгины хорт хавдар үүсгэгч carbon black элемент агаарт хяналтгүй цацагдаж байна4 сар 25. 10:03Н.Батсуурь аварга бүх оддын барилдааны зохион байгуулагчдыг шагналаа өгөхийг шаардав4 сар 24. 11:37Өмгөөлөгч Г.Цолмонгэрэл: Өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцох эрхийг нэмэгдүүлэх нь яллах, цагаатгах талын баримтыг бүрэн цуглуулахад дөхөмтэй4 сар 24. 11:19

Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих NEWSZONE.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.